Их Британийн эрчим хүчний BP компани мягмар гарагт 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулжээ.
BBC сувгаас мэдээлснээр олон улсад газрын тосны үнэ өсөж буй энэ цаг үед тус компанийн өнгөрөгч улирлын ашиг шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй гэсэн юм. Тодруулбал, BP компани 2022 оны мөн үед нийт 8.1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бөгөөд үүнээс үүдэн шинжээчид тэдний энэ оны гуравдугаар улирлын ашгийг 4 тэрбум ам.доллар байна хэмээн таамаглаад байжээ. Гэвч тайлангаас үзвэл BP компани өнгөрөгч улиралд ердөө 3.3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь шинжээчдийн таамаглалаас даруй 700 сая ам.доллароор дутуу үзүүлэлт юм.
Уг үзүүлэлтийг BP компаниас тайлбарласнаар, өнгөрөгч саруудад тэдний газрын тосны олборлолт сайн байсан ч байгалийн хийн арилжаа сул байснаас үүдэн ашиг буурсан гэжээ.
Эх сурвалж: BBC