Гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч Хятадын Xiaomi компани 28-ны өдөр өөрийн хөгжүүлж, бүтээсэн анхны цахилгаан автомашин болох “SU7”-г худалдаанд гаргажээ.
Тус автомашин нь нэг цэнэглэлтээр 800 километр замыг туулж, дээд тал нь цагт 265 километр хурдлах чадвартай аж. Түүнчлэн 2.78 секундэд 100 километр цагийн хурдыг авах чадвартай гэв.
“SU7” загварын цахилгаан автомашины батарейг Хятадын BYD болон Ningders Die компаниуд нийлүүлэх гэнэ.
Xiaomi компанийн гүйцэтгэх захирал Лэй Жун гурван жилийн өмнө цахилгаан автомашины бизнест 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж байсан билээ. Улмаар төрийн мэдлийн Beijing Automotive групптэй хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “SU7”-г анх танилцуулсан байдаг.
Гэтэл технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Apple компани 10 орчим жилийн турш хэрэгжүүлж байсан цахилгаан автомашины төслөө саяхан татан буулгасан билээ. Apple-ийн бүтээгдэхүүн, загварыг хуулбарладаг гэгдэж байсан Xiaomi компани цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт орсон томоохон технологийн компаниуд дундаас ийнхүү амжилтаараа ялгарч чадлаа хэмээн зарим хэрэглэгчид үнэлсэн байна.
Хятадын цахилгаан автомашины зах зээл дээр эрчимжиж буй үнийн өрсөлдөөн дунд Xiaomi компанийн үйлдвэрлэсэн цахилгаан автомашины үнэ харьцангуй өндөр байгааг зарим шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: Asiae