Мягмар гарагт Япон улсын Төв банкнаас сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаагаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Улмаар тэд бодлогын хүүгээ -0.1 хувиас 0-0.1 хувьд хүргэсэн байна. Ингэснээр дэлхийн бүх улс орны бодлогын хүү бүгд эерэг утгатай болжээ.
Япон улсын хувьд 2016 онд бодлогын хүүгээ сөрөг утга руу шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш улсынхаа эдийн засгийг дэмжих үүднээс бодлогын хүүг эерэг утгад шилжүүлэхгүй байх бодлого баримталж байсан ч өнгөрөгч хоёр жилд инфляцын өсөлт, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тасалдал хийгээд иений ханшийн уналтад өртөж, улмаар бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг эцэст нь гаргаж буй нь энэ юм.
Өнгөрөгч онд тус банкны ерөнхийлөгч солигдож, ноён Казуо Уеда ерөнхийлөгчөөр томилогдоход шинжээчид, эдийн засагчдын зүгээс бодлогын хүү ийн өсөх нь цаг хугацааны асуудал хэмээн таамаглаж байсан бөгөөд тэдний таамаглал ч тийн биеллээ олжээ.
Эх сурвалж: BBC