Орон нутгийн цагаар 25-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар аж үйлдвэрийн салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад 6 тэрбум ам.долларын шууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Энэ нь тус улсын засгийн газраас дотоодын үйлдвэрлэлийг нүүрстөрөгчөөс ангижруулах зорилгоор, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж буй юм. АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувь нь аж үйлдвэрийн салбараас гардаг гэх тооцоо бий. Аж үйлдвэрийн салбар дахь эрчим хүчний үлэмж хэрэглээ, хэт их цар хүрээнээс шалтгаалан нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь өнгөрсөн хугацаанд амаргүй даваа байсан юм.
Энэхүү төрийн дэмжлэг нь ган, хөнгөн цагаан, хүнсний болон спирт, бетон, цементийн үйлдвэрүүдэд чиглэгдэж байгаа аж. Түүнчлэн уг дэмжлэг нь ерөнхийлөгч Байдены уур амьсгалын эсрэг шинэчилсэн арга хэмжээ болох “Инфляцыг бууруулах тухай хууль” болон эрх баригч хоёр намын Дэд бүтцийг сайжруулах тухай хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэгдэж буй бөгөөд 20 мужийн нутаг дэвсгэрт хэрэгжих 33 туршилтын төсөл үүнд багтаж буй гэнэ.
Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм хэлэхдээ, “Эдгээр төслүүд нь АНУ болон дэлхий даяар цэвэр үйлдвэрлэлд шилжилтийн шинэ загвар болох болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
“Энэхүү хөрөнгө оруулалтын ачаар жил бүр 14 сая тонн бохирдуулагч хийнээс ангижирч чадах бөгөөд энэ нь 3 сая автомашиныг хэрэглээнээс гаргаж буй гэсэн үг юм” хэмээн Цагаан ордны цаг уурын хариу арга хэмжээний зөвлөх Али Заиди онцоллоо.
Эх сурвалж: Newsis