АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Ираны эдийн засаг “алдагдсан арван жил”-тэй нүүр тулж байна
2023, 11 сарын 28. 2:470

Дэлхийн банкны зүгээс Ираны ядуурлын түвшин сүүлийн 10 жилд хурдацтай өссөн талаарх судалгааны дүнг гаргажээ. Үүний шалтгааныг АНУ-ын хориг арга хэмжээ эрчимтэй эхэлснээс хойш эдийн засгийн өсөлт удааширсантай шууд холбоотой хэмээн тайлбарласан байна. Эдийн засгийн салбар нь бүхэлдээ суларсан Иран улсын хувьд энэ нь "алдагдсан арван жил" хэмээн хэлэхэд хэтрүүлсэн болохгүй гэж шинжээчид үздэг юм.

Блүүмберг агентлагийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, “алдагдсан 10 жил”-ийн хугацаанд Иран улсад ядууралд нэрвэгдэгсдийн тоо 10 саяд хүрсэн гэж Дэлхийн банк мэдэгдсэнийг дурджээ. 1979 онд Ираны дээд удирдагч Рухолла Хомейни (1902-1989) Исламын хувьсгалыг эхлүүлснээс хойш Дэлхийн банк анх удаа Ираны эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн нь энэ юм.

Дэлхийн банкны мэдээлснээр, Ираны нийт 85 сая хүн амын 10 сая нь дундаас дээш орлоготой орны (өдөрт нэг хүнд ногдох худалдан авах чадварын хэмжээ 6.85 ам. доллар) ядуурлын шугамаас доогуур орлоготой байгаа юм. 2011 онд эээхүү үзүүлэлт нийт хүн амын 20 хувь байсан бол 2020 онд 28,1 хувь болж, сүүлийн 10 жилийн хугацаанд ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 9,5 саяар нэмэгдсэн байна.

Ираны ядуурлын түвшин огцом нэмэгдсэн шалтгааныг барууны хориг арга хэмжээтэй холбон тайлбарлах эдийн засагчид олон. Тухайлбал хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхээс өмнө Ираны ядуурал бага ч болов буурах төлөв ажиглагдаж байсан юм. Тодруулбал 1980 онд 40 орчим хувьтай байсан ядуурлын түвшин 2000 онд 20 хувь болж буурч байжээ. Гэвч 2011 онд Барак Обамагийн засаг захиргаа Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаар тус улсын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн аж.

Дэлхийн банкны зүгээс “Ираны ядуурлын түвшин нэмэгдэж эхэлсэн хугацаа хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн үетэй яг давхцаж байгаа юм. Ираны эдийн засгийн өсөлт “алдагдсан 10 жил”-ийн улмаас гацаанд ороод байна” хэмээн тайлбарлажээ.

Дэлхийн банкны мэдээлснээр, Ираны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) хориг арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хойших 10 жилийн хугацаанд жил бүр 0,6 хувиар агшиж байсан ба тус банкны зарим судлаачид Ираны бодит ДНБ хориг арга хэмжээ авснаас болж 19 хувиар буурсан гэх тооцооллыг гаргасан байна. Түүнчлэн Ираны засгийн газар АНУ-ын хориг арга хэмжээний хариуд Дэлхийн банкинд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө больсноос гадна тус банкны шинжээчдийг Иран руу нэвтрүүлэхийг хэд хэдэн удаа хориглож байсан удаатай.

Газрын тос олборлогч Иран улсын эдийн засаг гацаанд ороод байгаагийн шалтгаан нь улс төрийн хаалттай үзэл баримтлалаас болсон хэмээн мөн үзэж болох юм. Ираны эрх баригчид дунд цөөнгүй байдаг хатуу үзэлтнүүд барууны хэв маягийн капитализмыг хүлээн зөвшөөрөхийг өнөөг хэр нь эсэргүүцсээр байдаг ба зах зээлийн эдийн засгийг огт сайшаадаггүй байна. Шинэчлэлийг эрэлхийлэгч улстөрчид нь хүртэл барууны орнууд, тэр дундаа АНУ-тай харилцаагаа сайжруулах тал дээр болгоомжтой хандсаар ирсэн билээ.

Харин энэ онд АНУ-тай бага ч болов харилцаа сайжрахын хэрээр хориг арга хэмжээнүүд ч цуцлагдаж эхэлж байсан боловч өнгөрсөн сард Израиль, Палестины хооронд дайн дэгдсэнээр Ираны засгийн газартай холбоо хөрөнгийг царцаах арга хэмжээг дахин эхлүүлсэн юм. Учир нь Ираны хөрөнгө Палестины улс төрийн Хамас зэвсэгт бүлэглэл рүү урсаж байна хэмээн олон улс шинжээчид хардах болоод байгаа билээ.

Улмаар барууны орнууд болон Ираны харилцаа эргэж муудаж байгаа энэ үед тус улсын эдийн засагт хямрал нүүрлэнэ гэх таамаг мөн гараад байна. Тодруулбал Дэлхийн банкны зүгээс өдгөө 28 хувьтай байгаа Ираны ядуурлын түвшин 2025 он гэхэд 40 хувь болж өснө гэж таамаглал дэвшүүлжээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн ядуурлын түвшин хурдацтай нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Учир нь Ираны шашны суртлалаас үүдэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин дөнгөж 10 хувьтай байдаг юм.

Тэрчлэн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа нь Ираны иргэдэд ч тун сөргөөр нөлөөлж байгаа гэх дүр зураг ажиглагдах болжээ. Тухайлбал өнгөрсөн оны есдүгээр сард Махса Амини гэх Иран эмэгтэй учир битүүлгээр нас барсны дараа орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн шалтгаан нь эдийн засгийн хямралтай холбоотой гэж тайлбарласан байдаг. Тэрээр хижаб буюу лалын шашинт эмэгтэйчүүдийн өмсгөлийг ном журмынх нь дагуу өмсөөгүйн төлөө цагдаад баривчлагдаж улмаар амь насаа алдсан юм.

Энэ мэт нийгмийн олон сөрөг асуудлаас ангижрах зорилготой гадны орнуудыг зорих иранчуудын тоо ч сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр 2020, 2021 онд өндөр хөгжилтэй орнууд руу цагаачилсан хүмүүс дунд иранчууд хамгийн олон байсан талаар онцлов. Тухайлбал 2020 онд Ираны 48 мянга орчим иргэн гадны орнуудад цагаачилсан бол дараа жил нь энэ тоо 115 мянга болж 141 хувиар өссөн байна. Ираны Цагаачлалын байгууллагын зүгээс ч "иргэдийн гадагшаа чиглэсэн урсгалд ямар ч хяналт тавих боломжгүй хэмжээнд очсон” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ
02024-5-10 8:23
Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ
02024-5-10 7:46
Дуучин Жастин Бибер аав болох нь ээ!
02024-5-10 7:45
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48