Үнэгүй150,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
notebook25
avatar6,394
time2:14:11
4.8
(6)

Санхүүгийн боловсролтой байх нь зөвхөн хувь хүний санхүү, ирээдүйтэй холбоотойгоос гадна иргэдийн гаргасан санхүүгийн шийдвэрүүд нь эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нэмэгдэж, эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө.


Хичээлийн хөтөлбөр

  • Хадгаламж ба хуримтлал
  • Зээл, зээлийн хүүгийн тухай
  • Ипотекийн зээл, зээлийн эргэн төлөлт
  • Даатгал
  • Инфляц, мөнгөний бодлого
  • Валютын ханш
  • Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл
  • Финтек
  • Тогтвортой санхүүжилт, ногоон зээл
  • Мэдээллийн аюулгүй байдал

 

userБагш:
Монголын Банкны Холбоо

Монголын банкны холбоо (МБХ) нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд зэрэг нийт 37 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд нийт гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх замаар хувь нэмрээ оруулж, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд манлайлж ажиллах зорилготой.

МБХ нь мэргэжлийн холбоо болохын хувьд Холбооны ажлын албаны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж байна. Зөвлөл нь гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүд чиглэл чиглэлээр уулзаж, мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих, цаашлаад тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэргээр хамтран ажилладаг. Одоогийн байдлаар даатгал, комплаенс, маркетинг, мэдээллийн аюулгүй байдал, харилцагчийн үйлчилгээ, хууль, хүний нөөц, финтек, санхүү бүртгэл зэрэг 13 мэргэжлийн зөвлөл ажиллаж байна. Түүнчлэн гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, банкны салбарт болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг гишүүд, олон нийтэд хүргэх зорилгоор МБХ нь 2007 оноос өөрийн нэрийн сонин, сэтгүүлийг гаргаж эхэлсэн бөгөөд одоо ньюслеттэр хэлбэрээр цахимаар илгээж байгаа юм. Мөн www.mba.mn цахим хуудас, твиттер, фэйсбүүк сувгуудаар дамжуулан мэдээллээ түгээж байна.

МБХ-оос салбарын хэмжээний судалгаануудыг бэлтгэн гаргаж, гишүүд, олон нийтэд хүргэдэг. Тухайлбал, “Банкны салбарын тойм” судалгааг улирал тутам гаргаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулж байна. Мөн “Банкны салбарын олон нийтийн талаарх санаа бодлын судалгаа”-г 2018, 2019 онд, “Банкны салбарын өрсөлдөх чадварын судалгаа”-г 2020 онд гаргаж байв. Харин 2021 оноос Банк санхүүгийн академитай хамтран судалгаануудыг гүйцэтгэхээр болж, тус ондоо “Банкны харилцагчдын сэтгэл ханамжийн судалгаа”, “Санхүүгийн хүртээмжийн судалгаа”-г гаргасан бол 2022 онд “Банкны зээлийн шимтгэлийн судалгаа”, “Банкны салбарын хүний нөөцийн метриксийн судалгаа” зэрэг судалгаануудыг гаргажээ.

МБХ нь гишүүддээ чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, гишүүдийнхээ дунд Professional Series өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг. Спортын тэмцээнүүдийг олон төрлөөр банкнуудын хамт жил бүр зохион байгуулахын зэрэгцээ технологийн хөгжлийг дагаад залуучуудын дунд ихэд дэлгэрч буй и-спортын тэмцээнийг банк хооронд санаачлан зохион байгуулж байна. Түүнчлэн “Монгол-Солонгосын санхүүгийн форум”, “Хүний нөөцийн зөвлөгөөн”, “Комплаенсын форум” зэрэг олон улсын болон мэргэжлийн хурал, зөвлөгөөнүүдийг зохион байгуулдаг. Мөн жил бүрийн зургаадугаар сарын 2-ны өдөр салбарын 16 мянга гаруй ажилтныг идэвхжүүлж, банкир ажил мэргэжлийг таниулах зорилгоор “Банкны ажилтны өдөр”-ийг “Бид банкир” нэрэн дор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарьдаг уламжлалтай. Харилцагч, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд МБХ нь идэвхтэй ажилладаг бөгөөд жил бүрийн гуравдугаар сард “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян, аравдугаар сард “Дэлхийн хуримтлалын өдөр” аян, арваннэгдүгээр сард санхүүгийн болон цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал” зэрэг кампанит ажлуудыг холбогдох төрийн байгууллагууд, арилжааны банкнуудтай хамтран зохион байгуулдаг.